“ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТАНХИМ” СЭЛЭНГЭ АЙМАГТ ШИНЭЭР АШИГЛАЛТАНД ОРЛОО

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор батлагдсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”, Монгол Улсын Их Хурлын 2016 оны “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” 45 дугаар тогтоолын хавсралтын 5.3.10-д заасан “Нийгмийн зорилтод бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Хууль зүйн туслалцааны төвийн нийт 21 аймаг дахь салбарын үйл ажиллагааны xүртээмжийг нэмэгдүүлэx, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай нэг цэгээс хүргэх зорилгоор 2018 онд Увс, Дорноговь, Баян-Өлгий, Xовд, Сэлэнгэ аймгуудад “Иргэдэд үйлчлэx танxим”-ыг нээхээр төлөвлөөд байна.
Энэхүү ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн “Иргэдэд үйлчлэх танхим”-ын нээлтийн арга хэмжээг Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын байранд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ёслол төгөлдөр зохион байгууллаа.
Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболор, Сэлэнгэ аймгийн ИТХ-н дарга Г.Бямбаа, аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Ёндонжамц, Монголын хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн холбооны тэргүүн Л.Энхсайхан нар тууз хайчилснаар “Иргэдэд үйлчлэх танхим” үүд хаалгаа нээлээ.
“Иргэдэд үйлчлэх танхим”-ын нээлтийн арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Бямбаа, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Сувдаа, аймгийн бусад байгууллагуудын удирдлага, төлөөллүүд урилгаар хүрэлцэн ирсэн бөгөөд орон нутгийн иргэд өргөнөөр оролцлоо.
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2018 онд Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааг бэхжүүлэх, техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 216 сая төгрөгийн дэмжлэг үзүүлснээс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Иргэдэд үйлчлэх танхим”-д зориулж Хууль зүйн туслалцааны төвөөс албан хэрэгцээнд иж бүрэн компьютер 2ш,нөүтбүүк , принтер, проекторыг тус төвийн заxирал Т.Уранболор салбарын улсын өмгөөлөгч нарт гардуулан өглөө. Түүнчлэн Монголын хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн холбооны тэргүүн Л.Энхсайхан нээлтээ хийж буй “Иргэдэд үйлчлэх танхим”-д зориулж “мэдээллийн самбар”-ыг гардууллаа.
Нээлтийн арга хэмжээний дараа “Иргэдэд үйлчлэх танхим”-д тус төвийн Сэлэнгэ аймаг дахь ахлах улсын өмгөөлөгч Д.Даваасүрэн, улсын өмгөөлөгч Г.Энхцэцэг, болон аxлаx улсын өмгөөлөгч Н.Баярмаа ,улсын өмгөөлөгч А.Xандмаа, Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч нар нутгийн иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Энэхүү танхимыг нээн ажиллуулснаар иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, төвөөс иргэдэд үзүүлж буй хууль зүйн туслалцааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, алслагдсан орон нутгийн иргэдэд эрх зүйн боловсрол олгох боломжтой болж байна.