/2022-03-28 08:50:00/

Хууль зүйн туслалцаа авах эрхийн Америкийн стандарт


Хууль зүйн туслалцаа авах эрхийн Америкийн стандарт

АНУ-д Америкийн Хүний эрхийн тухай Конвенцын 8(2)e-р зүйлд төрөөс үнэ төлбөргүй өмгөөлөгч авах тухай эрхийг дараах байдлаар хүлээн зөвшөөрсөн болно:

“Яллагдагч өөрийгөө эсхүл хуульд заасан хугацаанд өмгөөлөгч аваагүй бол тухайн муж улсын хуульд заасанчлан төрөөс үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ авах салшгүй эрхийг эдэлнэ.”

Тус Конвенцод муж улсын дотоодын хууль тогтоомжид санхүүжилтийн асуудлыг хэрхэн тусгах талаар заагаагүй боловч Төр засаг нэн ялангуяа эрүүгийнхэрэгт яллагдагчаар татагдаж хүнд нөхцөлд орсон хүн санхүүгийн боломж, төлбөрийн чадваргүйн улмаас өөрийгөө өмгөөлүүлэх эрхгүй байдаг нөхцөл байдлаас сэргийлэхийн тулд тогтоосон хугацаанд өмгөөлөгч томилох үүрэгтэй талаар заажээ. Америк дундын Хүний эрхийн хорооны шийдвэр болон тухайн хорооны харьяа шүүхийн дагуу өмгөөлөгч томилогдсон ч хууль зүйн туслалцааг чанартай үзүүлээгүй бол яллагдагчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ. Тухайлбал, чанартай хууль зүйн туслалцаа гэдэгт цаазын ял оногдуулсан хэрэгт өмгөөлөгч идэвхтэй оролцож, хэлэлцүүлэг, хуралдаанд тогтмол бэлтгэлтэй оролцож, нотлох баримт дээр тулгуурлаж, үндэслэлийг тайлбарлах, гэрчүүдээс зөв оновчтой асуулт асуух замаар тодорхой үр дүнд хүрэхийг ойлгох юм.  

Америк дундын Хүний эрхийн шүүх хамгийн сүүлд эрүүгийн хэргийн үр нөлөөгүй өмгөөллийн үйлчилгээнд хамаарах тохиолдлуудыг тодорхойлсон тайлбарыг гаргав. Үүнд, хэргийн нотлох баримтыг судлан шинжлэх, бэлтгэх, цуглуулах зэрэг арга хэмжээ ер авахгүй байх, яллагчдагчийн ашиг сонирхлыг хамгаалах үндэслэлтэй тайлбар гаргахгүй байх, эрүүгийн процессийн талаар хууль зүйн мэдлэг, ур чадвар дутмаг байх; яллагдагчийн эрхэд сөргөөр нөлөөлсөн аливаа үйл ажиллагаа, шийдвэрийн эсрэг гомдол, хүсэлт гаргахгүй байх, гомдол, хүсэлтэд холбогдох хууль зүйн үндэслэлийг тусгахгүй байх, өмгөөллийн үйл ажиллагаанд хайнга хандах багтана.

2015 оны 10-р сарын 05-нд хянан шийдвэрлэгдсэн Руано Торресийн нэхэмжлэлтэй  Эль Сальвадор улсын эсрэг хэрэгт Америк дундын Хүний эрхийн шүүх “Ноён Руано Торресийг төлөөлж өмгөөлсөн улсын өмгөөлөгчид  хэргийн яллагдагч, оролцогчдын мэдүүлэг болон бусад нотлох баримтууд хоорондоо зөрж байгаа талаар, мөн процессийн алдаа гарахад гомдол гаргаагүйгээс гадна шүүгдэгчид 15 жилийн хорих ял ногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй” гэх үндэслэлээр тус улсын үзүүлсэн хууль зүйн туслалцаа, өмгөөлөгчийн үйлчилгээг үр нөлөөгүй байсан хэмээн тогтоож, Америкийн Конвенцын 8.1, 8.2.d ба 8.2.e-р зүйлийг тус тус зөрчсөн гэж шийдвэрлэсэн байна.

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд