/2022-03-28 08:45:00/

Хууль зүйн туслалцаа авах эрхийн талаарх Европын стандарт


Хууль зүйн туслалцаа авах эрхийн талаарх Европын стандарт

Хууль зүйн туслалцаа авах эрхийг хүний үндсэн эрх мөн болох талаар Хүний эрхийн тухай Европын конвенцийн 6-р зүйлд хүлээн зөвшөөрсөн бөгөөд тус зүйлийг Хүний эрхийг хамгаалах Европын шүүх  дараах байдлаар дэлгэрүүлэн тайлбарласан болно:

6.3-р зүйл: “Эрүүгийн хэрэгт яллагдсан хүн бүр дараах наад захын баталгаагаар хангагдах эрхтэй:  c) өөрийгөө биечлэн өмгөөлөх буюу өөрийн сонгон авсан өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эсхүл  шүүн таслах ажиллагаанд шаардлагатай хууль зүйн туслалцааг төлөх чадваргүй бол үнэ төлбөргүй үйлчилгээ авах.

Энэхүү эрхийг бүрэн хангахын тулд өмгөөлөгч хамгийн багадаа үйлчилгээний үндсэн чанарыг хангах үүрэгтэйн зэрэгцээ холбогдох байгууллага нь албан ёсоор томилогдсон өмгөөлөгчид өмгөөллийн ажлаа бэлтгэх хүрэлцээтэй хугацаа, бололцоогоор хангах үүрэгтэй бөгөөд өмгөөлөгч үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй бол нөхцөл байдлыг засаж сайжруулах арга хэмжээ авч ажиллах ёстой гэж тус шүүх үзжээ.

Хууль зүйн туслалцаа дараах шаардлагыг хангасан байна:

  • Үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах эрх нь өмгөөлөгчийг албан ёсоор томилсон төдийд хэрэгжсэнд тооцогдохгүй: энэ эрх нь амьдрал дээр бодитой ба үр нөлөөтэй байна.
  • Шүүх тухайн томилогдсон өмгөөлөгчид үүргээ “хамгийн сайнаар” хэрэгжүүлэх бололцоог бүрдүүлэх арга хэмжээг авч ажиллах ба үүнд тухайлбал хэргийн материалтай танилцаж судлах боломжоор хангах зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулж, өмгөөлөгчид цаг хугацаа олгох нөхцлийг хамруулан ойлгоно.
  • “Тухайн улсын эрх бүхий байгууллагууд зөвхөн өмгөөлөгч хууль зүйн туслалцааг үр дүнтэй гүйцэтгэхгүй байгаа нь баттай нотлогдсон эсхүл ямарваа нэгэн байдлаар илэрхий тохиолдолд зохих арга хэмжээ авахаар оролцоно.”
  • Сэжигтнийг цагдаагийн газар саатуулсан эсхүл байцаах явцад хууль зүйн туслалцаа авах боломжийг олгохгүй байх нь шударга шүүхээр шүүлгэх эрхийн ноцтой зөрчил юм.
  • Сүүлийн жилүүдэд Европын Зөвлөл болон Европын Холбоо өөрийн Гишүүн улс орнуудын хууль зүйн туслалцаанд тавигдах наад захын стандартыг тогтоохоор ажиллаж байна.

2013 онд Европын Зөвлөл  “Эрүүгийн хэргийн сэжигтэн эсхүл яллагдагчдын хууль зүйн туслалцаа авах эрхийн тухай зөвлөмж”-ийг баталсан. Уг баримт бичгийн “хууль зүйн туслалцааны үр нөлөө, чанар” гэх  3-р зүйлд “Шударга хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хангахын тулд улсаас үзүүлэх хууль зүйн туслалцааг чанарын өндөр төвшинд хийх ёстой. Иймээс бүх Гишүүн улс орнууд өмгөөллийн үйлчилгээний чанарыг бэхжүүлж баталгаажуулах тогтолцоог бүрдүүлсэн байх ёстой” гэж тусгажээ. Үүнд, хууль зүйн туслалцаа үзүүлэгчдийг магадлан итгэмжлэх, сургалтад хамруулах, яллагдагчийн хүсэл зоригийг харгалзан түүний сонголтоор өмгөөлөгчийг томилох болон өмгөөллийн үйлчилгээг хангалттай үзүүлэхгүй байгаа өмгөөлөгчийг солих зэрэг үйл ажиллагаа багтана.

Европын Парламент болон Зөвлөлийн 2016 оны 10-р сарын 26-ны өдөр баталсан “Эрүүгийн хэргийн сэжигтэн, яллагдагч болон Европын баривчилгааны эсрэг баталгаа хүссэн иргэдийн тухай” 2016/1919 тоот хамтарсан удирдамжид “чанар”, “хангалттай” хууль зүйн туслалцаа гэдгийг “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шударга ёсны зарчим”-ыг хангасан хэмжээгээр тогтооно хэмээн тусгасан ажээ. Эдүгээ Европын холбоо шударга шүүхийг ямар хэмжүүрээр тодорхойлох вэ гэдэг асуудлыг хэлэлцэж эхлээд байгаа билээ.

ОНЦЛОХ мэдээ

Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд