/2022-06-09 10:42:00/

Хууль зүйн туслалцаа үзүүлэхэд баримтлах стандартууд


Цуврал 8. Хууль зүйн туслалцаа үзүүлэхэд баримтлах стандартууд: Эрүүгийн хэрэгт хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхтэй холбоотой НҮБ-ын баримтлах зарчим, зөвлөмж

НҮБ-ын Зарчим, Зөвлөмжийг анх 2012 онд Иргэний ба улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын Хууль зүйн туслалцаа авах эрхийн тухай 14-р зүйлд үндэслэн боловсруулахын сацуу тус эрхийг илүү дэлгэрүүлж, гишүүн улс орнуудыг үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, тогтолцоог бүрдүүлж, ажиллахыг тусгасан эрх зүйн баримт бичиг юм.

Ийнхүү НҮБ-ын Зарчим, Зөвлөмж нь хүн бүрт чанартай, үр нөлөө бүхий хууль зүйн туслалцаа авах эрх болон тус эрхийг хэрэгжүүлэхэд төр засгийн зүгээс гүйцэтгэх эрх үүргийг тодорхойлж баталгаажуулсан олон улсын хамгийн анхны эрх зүйн баримт бичигт зүй ёсорр тооцогдох аж. Уг баримт бичигт төр засгаас баримталж, дагаж мөрдөх нийт 14 зарчим, 18 зөвлөмжийг тусгасан ба эдгээрийн хэрэгжилтийг хангах нь хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээ чанаржуулж буй явдал болно. НҮБ-ын Зарчим, Зөвлөмжид төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагчид, нэн ялангуяа хорих эсхүл цаазын ялаар шийтгүүлэх гэмт хэрэгт холбогдсон этгээдэд зайлшгүй өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэхээр зохицуулсан байна. Түүнчлэн, цагдаагийн газар мэдүүлэг өгч байцаагдахад нэн яаралтай хууль зүйн зөвлөгөө, туслалцаа авах шаардлагатай бөгөөд хувийн өмгөөлөгчийг хөлслөх хөрөнгө санхүүгийн бололцоогүй тохиолдолд төр засгаас улсын өмгөөлөгчийг томилон ажлуулахаар заажээ.

Дэлхийн 40 гаруй улсын зуу орчим зөвлөх, шинжээч, эрдэмтэдээс бүрдсэн ажлын хэсгийн боловсруулсан НҮБ-ын Зарчим, Зөвлөмж нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тогтолцоотой холбоотой НҮБ-ын стандарт, нормын нэг чухал юм. НҮБ-ын эдгээр эрх зүйн хэм хэмжээ, стандартууд нь эдүгээ 60 жилийн түүхтэй бөгөөд эрүүгийн хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч болоод ялтанд шударга шүүхээр шүүлгэх, үр нөлөө бүхий, чанартай хууль зүйн туслалцаа авах эрхийг үндэсний ба олон улсын хэмжээнд хангахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн болно.

Хамгийн чухал ач холбогдолтой гэж үзсэн зохицуулалтыг дор танилцуулж байна:

  • 1-р зарчим: хууль зүйн туслалцаа авах эрх нь шударга шүүхээр шүүлгэх эрхийн үндсэн бүрэлдэхүүн бөгөөд хууль зүйн туслалцаа авах эрх нь шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх баталгаа болно.
  • 2-р зарчим: “Улс орнууд хууль зүйн туслалцаа үзүүлэх нь тэдний үүрэг хариуцлага гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Ийм ч учраас хууль зүйн туслалцааны цогц тогтолцоог бүрдүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг баталж хэрэгжүүлэх ба хүртээмжтэй, үр нөлөө бүхий, тогтвортой ба итгэл хүлээхүйц тогтолцоог бүрдүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллана. Улс орнууд хууль зүйн туслалцааны тогтоолцооны шаардлагатай хүний нөөц, санхүүгийн эх үүсвэрийг төсөвлөж зарцуулна”.
  • 3-р зарчим: Хүн бүр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд хууль зүйн туслалцаа авах эрхтэй ба нэн ялангуяа хорих эсхүл цаазын ялаар шийтгүүлэх гэмт хэрэгт холбогдсон этгээд зайлшгүй өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах бололцоогоор хангагдах үүрэгтэй. Түүнчлэн тус зарчмын хүрээнд хүүхдүүд илүү хялбар, дөхөм, ойлгомжтой хэлбэрээр хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг авах боломжтой байхаар тусгасан. Энэхүү эрхийг бодитоор хэрэгжүүлэхэд цагдаа, прокурорын болон шүүхийн байгууллагууд, албан тушаалтнууд өмгөөлөгч авах төлбөрийн чадваргүй эсхүл эмзэг бүлгийн этгээдэд өмгөөлөгч авч, хууль зүйн туслалцаа авах боломжоор хангах үүрэгтэй.
  • 7-р зарчим: Хууль зүйн туслалцаа үр нөлөөтэй байх. Үр нөлөөтэй Хууль зүйн мэргэжлийн туслалцаа гэдэгт баривчлагдсан, цагдан хоригдсон этгээдэд хууль зүйн туслалцааг аливаа саад тотгоргүйгээр хүргэх, мэдээлэл харилцааны нууцлалыг хадгалах, хэргийн материалтай танилцах болон өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхэд бэлтгэх хүрэлцэхүйц цаг хугацаа, нөөц бололцоотой байх зэрэг хамаарна. Түүнчлэн тус өмгөөллийн үйлчилгээг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд цаг алдалгүй авахыг ойлгоно.
  • 9-р зарчим: Улс орнууд хууль зүйн туслалцааг бүрэн гүйцэт, чанартай болон цаг тухайд нь үзүүлээгүй эсхүл хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзсан нөхцөлийг засан сайжруулж, үүнтэй холбоойтогоор учирсан хохирлыг нөхөн төлж, барагдуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх үүрэгтэй. НҮБ-ын Зарчим, Зөвлөмжийн хүрээнд чанартай хууль зүйн туслалцаа гэдэгт юуг ойлгож хэрэглэх тухай тодорхойлоогүй ч гэсэн гишүүн улс орнууд хууль зүйн туслалцааны үйлчилгээний чанарыг цаг ямагт сайжруулж, боловсронгуй болгох үүрэгтэй гэж зохицуулжээ.
  • 13-р зарчим: Улс орнууд бүх хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэгчид /өмгөөлөгчид/ ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай зохих боловсрол, бэлтгэл, ур чадвар болон туршлагыг бий болгоход чиглэсэн тогтолцоог бүрдүүлж ажиллана. Үүнд ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд, зорилтот бүлгийн иргэдийн эрх, хэрэгцээг хамгаалахад анхаарна.

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд