/2018-03-06 13:47:00/

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ НЬ СЭДЭВТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Хууль зүйн туслалцааны төв нь өөрийн үйл ажиллагаа, цаашдын зорилготой холбоотой мэдээ мэдээллийг Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Консулын газрын төлөөлөлд танилцуулах, гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай харилцаа тогтоон хамтран ажиллах талаар санал солилцох зорилгоор 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр “Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааны тухай танилцуулга, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт уулзалтыг Монголын хуульчдын холбоо, Гадаад харилцааны яамны Консулын газар, Гадаадын иргэн, харьяатын газар болон Хууль сахиулахын их сургуультай хамтран зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, Консулын газрын төлөөллүүд, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны холбогдох албан тушаалтнууд болон хамтран зохион байгуулагч байгууллагуудын төлөөлөгчид оролцов.
Уулзалтыг нээж Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболор үг хэлэв. Тэрээр Хууль зүйн туслалцааны төвийн ажлын албыг бэхжүүлэх, албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, улсын өмгөөлөгчдийн ур чадвар, гадаад хэлний мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, гадаад орнуудад мэргэжлийн дагуу магистр, докторын сургалтанд хамруулах, гадаад харилцааг өргөтгөх, мөн төвийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх зорилготой ажиллаж байгаа болохыг мэдэгдлээ.
Уулзалтыг хамтран зохион байгуулагч Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд, Хууль сахиулахын их сургуулийн захирал, Цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, нар Хууль зүйн туслалцааны төвтэй цаашид хамтран ажиллахаа илэрхийлж үг хэллээ.
Хууль зүйн туслалцааны төвийн ахлах мэргэжилтэн Л.Шинэчимэг хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд тус төвийн үйл ажиллагаа, цаашдын зорилгын талаар танилцуулав. Танилцуулгадаа иргэдэд хууль зүйн туслалцааг түргэн, шуурхай, хүртээмжтэй үзүүлэх зорилгоор Хууль зүйн туслалцааны төв нь “Иргэдэд үйлчлэх танхим”-ыг нээсэн, тус танхимд гадаадын иргэдийг хүлээн авч Монголын Хуульчдын Холбоотой хамтран ажлын өдрүүдэд тодорхой хуваарийн дагуу Англи, Хятад, Орос, Япон, Солонгос хэлээр хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг өгч ажиллаж байгаа зэрэг тус төвөөс хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг танилцуулж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль нь зөвхөн эрүүгийн хэргийн яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх асуудлыг зохицуулж байгаа бол тус хуулийн шинэчилсэн найруулгад хууль зүйн туслалцааны үйл ажиллагааг өргөжүүлэн иргэний болон захиргааны зарим хэрэг, маргаан, эрүүгийн хэргийн зарим хохирогч, гадаадын иргэдэд хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэхээр тусгаад байгааг онцлов.
Танилцуулах үйл ажиллагааны дараа уулзалтад ирсэн зочид, төлөөлөгчид Хууль сахиулахын их сургуультай танилцаж, Хууль зүйн туслалцааны төвийн Сүхбаатар дүүрэг дэх салбарын Иргэдэд үйлчлэх танхимд зочлон гадаадын иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх үйл ажиллагаатай танилцлаа.

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд